Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

”Шилийн сайн эр”

2011 оны 6 сарын 15

Саяхан Бангладешт “Орчин үеийн Робин Гуд” гэж нэрлэгдсэн орон нутагтай зартай хулгайчийг цагдаагийнхан баривчилжээ. Алт, үнэт эдлэлээр гаршсан авьяаслаг хулгайч хулгайлсан мөнгөөрөө өөртөө хоёр ч том үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, нэлээд тансагжуу амьдардаг хэдий ч нийтдээ сая гаруй ам.долларыг тосгоны ядууст тарааж өгсөн байна. Тиймээс нутгийнхан түүнийг “өгөөмөр, нинжин сэтгэлтэй” хэмээн хүндэлдэг. Баригдчихсаныг нь бодохоор харин баярлах ч шиг, гомдох ч шиг.


Манайд ч гэсэн орчин цагийн шилийн сайн эрсийн түүх тасраагүй байна. Дөрвөн жил УИХ-д сууж, татвар төлөгчдийн шим шүүсийг сорж байгаад, танил тал, пүүс компаниа ашиглан төсвөөс овоо юм хуссан нөхдүүд сонгууль болохоор айл бүрт гурил будаа хүргэж, гудамжных нь хогийг цэвэрлэн өглөг буянтны дүрд хувирдаг нь гэм бус зан. Харин хулгайгаар хийдэг байсан энэ ажлаа хуульчлахыг хүссэн зарим нөхөд гарч ирээд байна аа, байна.

Саяхан УИХ-аар “Урт нэртэй” хуулийн зарим хэсгийг өөрчлөх тухай хуулийн төслийг “санаа муутай” хэдэн гишүүн өргөн барьсан гэнэ ээ. Түүнийг нь эсэргүүцэж, “Урт нэртэй” хуулийнхан уйлан майлан бөөн юм болов. Эцэстээ хууль хэрэгжүүлж чадаагүй салбарын сайдыг нь огцруулах барих ч юм боллоо. Сайд, ялаа хоёрыг сонингоор алдаг гэдэг яриа одоо үеэ өнгөрөөж, “сайдыг шаардлагаар алдаг” цаг үе ирээд байгаа юм.

Уг нь хууль одоогоос хоёр жилийн өмнө 2009 онд анх баталсан ч Засгийн газар хэрэгжүүлж чадалгүй хоёр жил унжиж байгаа. Учир нь хуулинд заасан “Гол мөрний урсац бүрэлдэх сав болон ойн сав газарт” нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй том компанийн 300 гаруй лицензит талбай ороод байгаа аж. Хуульд тусгахдаа тэдгээр компанийн лицензийн талбайг хурааж авахын тулд олборлолт явуулсан хугацаа, олсон ашиг, олборлолтын дараа хийсэн нөхөн сэргээлт зэргийг нь тооцон төрөөс бүх хохирлыг нь нөхөн төлөхөөр заачихсан. Компаниуд ч лизензээ хураалгахгүйн тулд улсын төсвөөс хоёр дахин их буюу таван их наяд гаруй төгрөгийн нөхөн олговор нэхээд хэвтчихсэн. Харин улсад тэр хэмжээний нөхөн олговор төлөх чадал байдаггүй ээ. Авах юмны учир олдоно, өгөх юм хэцүү гэдгийг тооцоогүйн гай энэ.

Компаниудыг ч яах вэ, “Та нар яахаараа ийм өндөр нөхөн олговор нэхдэг юм, үнээ буулга” хэмээн загнаж болно. Гэвч төр өөрөө тэр нөхөн олговрыг нь бодитоор тооцох аргачлалаа гаргаж чаддаггүй ээ. Тиймээс лицензийг нь хурааж авахын тулд хэлсэн хэмжээгээр нь нөхөр олговор өгөх, эсвэл “хэт их үнэ хэлсэн” эздийг нь шоронд хийх хоёр сонголт үлдэж байгаа юм. Эхнийх нь боломжгүй гэдгийг түрүүн хэлсэн. Хоёр дахь нь ч бас л боломжгүй. Учир нь манайх хувийн өмч, хууль ёс, гэрээ контрактыг дээдэлдэг ардчилсан улс. Анх 1993 онд баталж, 1997, 2005 онд хоёр ч удаа өөрчлөлт оруулан баталсан хуулийн дагуу гэрээгээ хийгээд лицензээ авсан компанийн эздийг шоронд хийнэ гэвэл Засгийн газар өөрөө гэрээнээсээ буцсан ялд унана. Тийм учраас зарим гишүүд санаачлан /Засгийн газрын зарим гишүүдийн ч гэсэн лобби орсон л гэдэг юм, үнэн худлыг хэн мэдлээ/ гайтай хөөтэй “Урт нэртэй” хуулийг өөрийг нь өөрчилж, зарим нэг нэмэлт засвар оруулахаар болсон нь энэ.

Харамсалтай нь “Урт нэртэй” хуулийнхан анх баталсан хуулийнхаа “амыг барчих”-ын оронд сайд нарын заримынх нь “амыг барих” тухай ярьж эхэллээ. Тэд “ядуу ард түмний” эрх ашиг, байгалиа хамгаалахын төлөө” л энэ сонголтыг хийж байгаа юм. Ямар ч хувийн эрх ашиг энэ тэр байхгүй, мөрийцөхөд ч алдахгүй. Монголын төсвийг арван хэдэн жил тэжээсэн хэдэн муу компанийн захирлыг шоронд хийх ч юм уу, цаана нь байгаа ажилчдын эрх ашиг, эдийн засгийн хохирол энэ тэр бол лай л байна. Хурааж авсан лицензээ дараагийнхад үнэ хүргээд зарахад тэр зэргийн мөнгийг босгоод л ирнэ, юухан байх вэ. Зөрүүгээр нь дахиад нэг сонгуульд орно доо.

Тэр тусмаа энэ цагийн Шилийн сайн эрчүүдийн магнайд далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ дэвэн дэвсээр гарч ирлээ, гэж.

Б.ГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
<<Өмнөх 5 мэдээ
Дараах 5 мэдээ>>
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
2012 оны 3 сарын 13
Сэтгэгдэлийг ачаалж байна...